Monday, July 02, 2007

Япон дахь гадаад ажиллагсад

Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам 14-ний өдөр Японы хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй компаниуд болон тэдгээрт ажилладаг гадаадын иргэдээс авсан судалгааны дүнг танилцуулав. Компаниудын 72,8% нь "Глобал түвшинд ажиллах чадвартай боловсон хүчин"-тэй болохыг хүсч байгаа бөгөөд Японы компаниудын хувьд тийм боловсон хүчин нь "Японд суралцаж байсан гадаадын иргэд" (37%), "Гадаадад суралцсан япончууд" (43,9%) аж.

Энэхүү судалгааг хөрөнгийн биржид бүртгэлтэй 3500 компанийн боловсон хүчний алба болон гадаад ажиллагсдаас авчээ.

Компаниуд гадаадын иргэдийг ажилд авахдаа "Япон хэлний мэдлэг" (23.1%), "Мэргэжлийн мэдлэг" (17,8%), "Японоос бусад гадаад хэлний мэдлэг" (13%)-ийг чухалчилдаг бөгөөд "Тогтвор суурьшилтай ажиллах эсэх" (19.3%), "Дасан зохицох чадвар" (17.4%), "Япон хэлний мэдлэг хангалтгүй байх" (17.3%) нь тэдний санааг хамгийн ихээр зовоодог байна. Харин Японы компанид ажилладаг гадаадын иргэдийн 96% нь "Япон хэлээр ажил үүргээ гүйцэтгэхэд ямар нэгэн асуудалгүй" хэмээн хариулжээ.

Тус яамнаас ирэх намраас эхлэн гадаад оюутнуудад зориулсан тэтгэлгээс эхлэн мэргэжил дээшлүүлэх, Японы компанид ажилд орох хүртэл дэмжлэг үзүүлэх "Азийн боловсон хүчнийг дэмжих төсөл" хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ удаагийн судалгааны үр дүнг их сургууль, компаниудад танилцуулж, гадаад оюутнуудыг дэмжихэд ашиглах зорилготой юм байна.

Өндөр мэргэжил, мэргэшил бүхий, Японы их дээд сургуульд мэргэжил эзэмшсэн гадаадын иргэдийн хувьд ийн таатай мэдээ сонсогдож буй хэдий ч дадлагажигчдын хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар тус яам хатуу байр суурь баримталсан хэвээр байна. Япон улс 1993 оноос хойш хөгжиж буй орнуудаас дадлагажигч авах болсон бөгөөд өдгөө тэдний хэт бага цалин, нийгмийн хамгааллын асуудал хөндөгдөж байгаа билээ. Үүнийг шийдэхийн тулд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гадаадын дадлагажигчдын туршилтын нэг жилийн хугацааг байхгүй болгож, нийт ажиллах хугацааг 5 жил болгох санал дэвшүүлсэн билээ (Одоо дадлагажигч ажилчид туршилтын нэг жилийн хугацааг оролцуулаад 3 жилийн хугацаатай ирдэг бөгөөд туршилтын хугацаанд нь хөдөлмөрийн тухай хууль үйлчилдэггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагддаггүй тул тэдний эрх зөрчигддөг юм байна).

Ийнхүү 2 яам эсрэг тэсрэг байр суурь баримталж байгаа учраас дадлагажигчдын нөхцлийг сайжруулах асуудал мөддөө шийдэгдэхгүй нь бололтой.

From VIMO

No comments: